The Tsommy

Since 2010
Нүүр » 2013 » 9 дүгээр сар » 25 » Улаанбаатар хотод заавал очиж үзэх ёстой 10 газар
21:43
Улаанбаатар хотод заавал очиж үзэх ёстой 10 газар
Vector by Tsommy
Анх Живзундамба хутагтын өргөө цогцолсон, олон сүсэгтний цугларсан нүүдлийн хүрээ байсан ба одоогийн хот цогцлоход олон түүхэн үеүүдийг туулсанаар хэд хэдэн удаа нэр өөрлөгдөж байжээ. 1639-1778 оны хооронд Өргөө, 1778-1911 оны хооронд Их Хүрээ (Хятадчилсан Да Хүрээ, эсвэл энгийнээр Хүрээ гэх мэтээр ярианы хэллэгүүд байсан) нэртэй байсан ба 1911 онд тусгаар тогтноход улсын нийслэлээр зарлагдаж Нийслэл Хүрээ нэртэй болжээ. Хамгийн сүүлд 1924 онд нэрийг Улаанбаатар хэмээн нэрийджээ. Улаанбаатар гэх нэрийг Зөвлөлт Холбоот Улс буюу одоогийн Орос улсын ах нар энэхүү нэрийг өгсөн түүхтэй.
Харин одоогийн Улаанбаатар хотод очиж үзэх ёстой 10 газар гэж бий болж, бахархууштай юм. Харин та энэхүү 10 газарт очиж үзэв үү?. Энэхүү асуултыг танд үлдээе.

ЧИНГИСИЙН ТАЛБАЙ
Чингисийн талбай буюу хуучнаар Сүхбаатарын талбай нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв цэг юм. Талбайн төвд Сүхбаатарын хөшөө байдаг бол хойморт нь байрлах Төрийн ордны өвөр талд Чингис хааны хөшөө бий. 
Талбайн дунд сүндэрлэх Д.Сүхбаатарын хөшөөний загварыг барималч Ч.Чоймбол зохиожээ. Ардын журамт цэрэг Хиагтаас Их хүрээнд орж ирээд Ардын хувьсгалын ялалтыг тунхагласан дурсгалт газар юм.
Жанжныг омголон морин дээрээс наран мандах зүгийг гараараа зааж байгаагаар дүрсэлсэн бөгөөд 1946 оны 7-р сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Энэ үеэс эхлэн талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болсон ба 2013 оны 8-р сараас эхлэн НИТХурлын шийдвэрээр нэрийг нь өөрчлөн Чингисийн талбай хэмээн нэрлэх болсон.
Chinggis field
Chinggis field

ЗАЙСАН ТОЛГОЙ
Зайсан толгой нь Улаанбаатар хотын өмнө талд орших толгой юм. Зайсан толгойгоос Улаанбаатар хотын төв хэсгийг тольдон харах боломжтой бөгөөд Улаанбаатарчуудын чөлөөт цагаа өнгөрөөх, жуулчдын очих дуртай газруудын нэг билээ. Халхын голын байлдаанд эрэлхэгээр байлдаж амиа алдсан цэргүүдийн дурсгалд зориулсан Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг 1971 онд архитектор А.Хишигтээр ахлуулсан уран барилгачид барьж эхэлсэн бөгөөд цогцолборын оройд байрлах цагираг дотор нь 1921 оны ардын хувьсгал, 1939 оны Халхын голын байлдааны үеэр үзүүлсэн Зөвлөлтийн туслалцаа дэмжлэгийг дүрсэлсэн байдаг.
Zaisan Memorial
Zaisan Memorial

ГАНДАНТЭГЧИЛЭН ХИЙД
Гандантэгчилэн хийд нь Улаанбаатар хотод байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм. Их Хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд Тавдугаар Богд Живзундамба Хутагтын зарлигаар Их хот мандалын сүм байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчилэн хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Живзундамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.
Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх болжээ.
Gandantegchilen Monastery
Gandantegchilen Monastery

"ВИВА СИТИ" залуусын хороолол
Яармагийн гүүр даваад Туулын хөвөөнд орших Вива Сити хороолол нь 2013 оны 06-р сарын 01-ний өдөр нээлтээ хийсэн. 1619 айлын орон сууц ба 1-р давхруудад брэнд хувцасны дэлгүүр, ресторан паб гээд 100 гаруй худалдаа үйлчилгээний төвүүдтэй. Монголын урчуудын эвлэлийн шагналт уран барималч А.Очирболдын урласан эрэлхэг дайчин Мандухай сэцэн хатны хөгжимт усан оргилуур, алдарт Лондонгийн 2 давхар улаан автобус, хайрын хөшөө, 1000 хүний багтаамжтай задгай театр, сагсан бөмбөг, хөлбөмбөг, хүүхдийн тоглоомын талбай гээд орчний иж бүрэн тохижилттой орчин үеийн хорооллын шинэ шийдлийг эндээс үзэж болно.
Мөн энэхүү хороололд олон сонирхолтой шинэлэг арга хэмжээнүүд байнга зохион байгуулагдаж зургаа даруулахаар ирэх гадна дотны жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүйгээс гадна хамтлаг дуучдын клип, кино зураг авалтууд байнга явагддаг учраас олны танил эрхмүүдийг Вива Сити хороололд ирж харах боломжтой юм.
Viva City
Viva City

"ГРАНД ХААН" айриш паб
Грандхаан айриш паб нь 2005 оны 8-р сард байгуулагдсан хамгийн орчин үеийн, тохилог тав тухтай, шинэлэг үйлчилгээг монголд анх нэвтрүүлсэн паб юм. Урлагийн амьд тоглолт бүхий тайз, спорт сувгууд, алдарт Guinness шар айраг, Tiger шар айраг болон эх орны үйлдвэрийн шар айргуудаар үйлчилдэг бөгөөд 180 хүний хүчин чадалтай. Эндхийн үйлчлүүлэгчдийн тэн хагас нь гадныхан байдаг ба барууны орнуудын пивоны соёлтой хэрэглээг эндээс мэдрэх боломжтой.
Grand Khaan irish pub
Grand Khaan irish pub

ҮНДЭСНИЙ СОЁЛ АМРАЛТЫН ХҮРЭЭЛЭН
Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн нь 13 төрлийн аттракцион тоглоом, галзуу хулгана, хөгжөөнт тоглоомын төвүүд болох бонгын ертөнц тоглоомын төв, автомат тоглоомын төв, боулинг, орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан видео тоглоомын төвүүдтэйгээс гадна өөр өөрийн онцлогийг агуулсан 6 төрлийн ресторантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Дахин засвар хийн ашиглалтанд орсноос хойш Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд олон нийтийг хамарсан сонирхолтой арга хэмжээнүүд байнга зохион байгууллагддаг ба оюутан залуусын очих дуртай ялангуяа дурлалт хосуудын болздог газруудын нэг болсон.
Mongolian National Amusement Park
Mongolian National Amusement Park

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
22 төрлийн 94 мянга гаруй мод, бут, зүлэг, цэцэгтэй. Усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбайтай "Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлчүүдийн ая тухтай амьдрал, амралт зугаалгын бүс болоод байна. Бүрэн ашиглалтад орох үедээ 1280 га талбайг хамрах энэ хүрээлэнгийн эхний ээлжийн 55га-д тохижилтын ажил хийснээр Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаар эзэлж байна. Тус цэцэрлэгт хүрээлэнд очингуут цэвэр агаарыг цээж дүүрэн амьсгалах боломжийг та эндээс л мэдрэнэ.
National Garden
National Garden

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
"Эх түүхээ мэдэхгүй хүн Ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэсэн үг байдаг. Оюун залуус ном унших нь багассан өнөө цагт эх түүхийн талаар цогц мэдлэг олж авъя гэвэл анги хамт олноороо Монголын Үндэсний Музейгээр ороод гараарай. Тус музейд эртний Монголын түүхийн танхим, Монголын анхны төрт улс Хүннүгийн түүхийн танхим, Түрэгийн түүхийн танхим, Монгол үндэстэн ястны хувцасны танхим, Монголын Эзэнт Гүрний түүхийн танхим, Дундад зууны үеийн Монголчуудын аж байдлыг харуулсан танхим, XX зуун, XXI зууны эхэн үеийн Монгол орны түүхийн танхимуудтай.
National Museum of Mongolia
National Museum of Mongolia

СКАЙ РЕСОРТ
2009 он  ашиглалтанд орсон цанын бааз нэг дор 1300 хүнд, өдөрт 4000 хүнд үйлчлэх хүчин чадалтай, уулын цана, снөүбоард, гүйлтийн цана, чарганы талбай болон аюулгүй байдлын эргүүл, 300 хүний багтаамж бүхий ресторан, 1000 машины зогсоол, 480 шүүгээ бүхий хувцас солих өрөө, анхан шатны тусламж үзүүлэх эмнэлэг, өндөр зэрэглэлийн сургалт явуулах багтай.
Скай Ресортын хамт олон оюутан залууст зориулан хөнгөлөлттэй үйлчилгээг жил бүр байнга үзүүлдэг. Тухайлбал өнгөрсөн өвөл "Оюутны өдөр”, "Азтай Давка”, "Happy Birthday”, "I Love ski” зэрэг хөнгөлөлт урамшууллыг оюутан залуустаа зориулан хүргэж байсан.
Түүнчлэн олон улсын стандартын 18 нүхтэй гольфын талбайд өдөрт 180 хүртэлх гольфчид тоглох хүчин чадалтай. Насанд хүрэгч, хүүхэд, хамт олны гэсэн гольфийн сургалтууд явагддаг ба хамт олноороо энэхүү сонирхолтой спортын төрлөөр хичээллэн цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой юм.
Sky Resort
Sky Resort

"МЕТРОПОЛИС" шөнийн клуб
"Метрополис" клуб нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй орчин үеийн диско клуб юм. Чингис хаан цогцолборт байрлах тус клуб нь 300 орчим хүний суудалтай, 800-1000 хүн хүлээн авах багтаамжтай. Интерьэр дизайны өвөрмөц шийдэл бүхий лоунж, коктэйль бар, VIP үйлчилгээний тусгай хэсэгтэй ба мэргэжлийн бие хамгаалагчид үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж Минимал, Tech House, Progrossive, Транс хөгжмийн хэмнэлд хүссэнээрээ бүжиглэх хотын залуусын соёлыг эндээс мэдрээрэй.
Metropolis
Metropolis
Төрөл: Фото мэдээ | Үзсэн: 14279 | Оруулсан: TsommyStyle | Үнэлгээ: 4.9/7
Сэтгэгдэл: 0
Энэ үйлдлийг хорьсон байна.